Sunday, June 14, 2009

Хачин хуулиуд‡

Гэртээ хирс байлгаж болохгүй, угаалгын өрөөндөө нас барвал 100 доллараар торгоно, эхнэрээ зодохын тулд зөвшөөрлийг нь авах ёстой гэх мэт газар газрын хачин хуулиудын уг учир нь юу вэ? Эрүүл саруул хүний санаанд оромгүй хачин хуулиуд энэ дэлхийн олон оронд үйлчилдэг.
Ялангуяа төгс төгөлдрийн жишээ болсон Америк орон хачин балай хуулиудаараа алдартай. Мэлхий долоож болохгүй, гал түймрээс нүцгэн эмэгтэй хүн аврах хориотой, айлын өрөө түрээсэлж байгаа хүн гэрийн эзнийг хазвал торгоно гэх мэтийн хуулийг балай гэхээс өөр юу гэх вэ? Гэхдээ эдгээрийг хэн нэг балай этгээд санаанаасаа зохиогоод хуульчилчихаагүй, дор бүрнээ л ямар нэг бодит үйл явдлаас урган гараад тухайн үедээ хуульчлахгүй бол болохгүй юм байна хэмээн үзэж дархалсан нь олонхи. Зарим нь өнгөрсөн зуунд, зарим нь нэг, тэр бүү хэл хоёр гурван зууны өмнө бий болсон иймэрхүү олон хуулийг өнөө ч засч залруулалгүй өнөө хэр мөрдсөөр байдаг нь харин хачин юм. Тэдгээрээс өгүүлбэл: Америкт… -Калифорни мужийн Чико хотод хотын нутаг дэвсгэр дотор атомын бөмбөг дэлбэлж болохгүй гэсэн хуультай. Зөрчвөл 500 доллараар торгоно гэжээ. -Техас мужид гэмт хэрэгтэн хэрэг үйлдэхээсээ ядаж нэг хоногийн өмнө хохирогч болох хүндээ бичгээр эсвэл амаар мэдэгдэх ёстой. Түүгээр барахгүй хэргийг хэрхэн яаж үйлдэхээ тодорхой мэдэгдэнэ. Энэ хуулийг зөрчсөн бол шүүх дээр хэрэгтний ялыг хүндрүүлэх нөхцөл болгон авч үздэг ажээ. -Чикагод шатаж байгаа байшинд хоол идэж болохгүй, Нью-Орлеанд матрыг гал унтраах усны хоолойд уях хориотой. Миссүрид гал сөнөөгчид чармай нүцгэн эмэгтэй хүнийг аварч болохгүй, Коннектикут мужийн Нью-Бритн хотод галын машиныг цагт 34 километрээс илүү хурдлуулахгүй, Айовад гал сөнөөгчид дуудлага аваад, гарахаасаа өмнө 15 минут сургуулилт хийх ёстой. -Ютад эмийн сангууд толгойны эмний оронд дарь худалдаж болохгүй. Энд мөн машин зам дээгүүр шувуу нисэх хориотой, бас гудамжаар хийл авч явахдаа цаасан уутанд хийж болохгүй гэнэ. -Флорида мужийн Пенсакола хотод эмэгтэй хүн гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй буруу харьцсанаас болж ваннын өрөөндөө нас барвал 100 долларын торгууль төлөх ёстой байдаг. Мужийн бусад хотод усны хувцастай дуулах, нүцгэнээр биеэ угаах, өдөртөө гурваас дээш тооны таваг хагалах эдгээр бүгд хориотой. Мөн хадамд гараагүй эмэгтэй хүн бүтэн сайн өдөр шүхрээр үсрэхийг хориглосон хууль бий. -Лос Анжелест нөхөр нь эхнэрээ 4.5 см-ээс өргөн тэлээгээр зодож болохгүй. Хэрвээ үүнээс өргөн тэлээгээр зодох бол эхнэрээсээ заавал зөвшөөрөл авсан байх ёстой гэнэ. Харин Алабама мужийн Жаспер хотод зузаанаараа өөрийн эрхий хуруунаас өргөн модоор эхнэрээ зодож болдоггүй хуультай. -Кентаккид эмэгтэй хүн усны хувцастай гарцаар гарч болохгүй. Харин хажуудаа хоёр цагдаатай, эсвэл гартаа хүрз барьсан бол болно. Мөн 40 кг-аас бага, эсвэл 90 кг-аас их жинтэй бол хамаагүй гарч болно гэнэ. -Арканзас мужийн нэгэн хуулинд “Арканзас голын усны түвшин Литл Рок хотын гүүрийг давж болохгүй” хэмээн заажээ. Хууль ямар болохыг гол нь хэрхэн мэдэх болж байна? Мөн мужид сонгуулийн өдөр сонгогчид санал хураах байранд 15 метрээс дотогш ойртож болохгүй гэнэ. Ингэснээр сонгууль болоход мужийн сонгогчид бүгд хуулиа уландаа гишгэх хэрэгтэй болж байна. -Мэөн мужийн Рамфорд хотод байр түрээслэгч хүн эзнийг нь хазахыг хоригложээ. Дэлхийн бусад оронд… Мексикт сахалтай эмэгтэй хүн гудамжаар явахыг хориглодог -Английн Йорк хотод бүтэн сайнаас бусад өдөр шотланд хүнийг нум сумаар харвах хориотой. Харин Честер хотод бол валли /Их Британийн цөөнх үндэстэн/ хүнийг шөнө дундаас хойш л бол долоо хоногийн аль ч өдөр харвах чөлөөтэй. Мөн Британи даяар үйлчилдэг нэг хууль бий нь, хатан хааны зурагтай маркийг цавуутай талаар нь дээш харуулж тавьбал эх орноосоо урвасан гэж үзнэ. -Канадын Торонто хотын Яанг гудамжаар бүтэн сайн өдөр үхсэн морь чирч явахыг хориглосон хуультай. Дашрамд дурьдахад энэ нь дэлхийн хамгийн урт гудамж юм. -Израильд хагас сайн өдөр нусаа нийх хориотой. Хайфа хотод наран шарлагын газар баавгай авчирч болохгүй. -Өмнөд Солонгост замын цагдаа хахууль авсан бол тухайн өдөртөө багтаж удирдлагадаа мэдээлнэ. -Тайландад дотуур өмдгүй гэрээсээ гарч болохгүй. -Мексикт сахалтай эмэгтэй хүн гудамжаар явах хориотой. Энэ хуулийг зөрчвөл олны өмнө сахлыг нь хусч шийтгэнэ гэнэ. Балай мэт санагдавч энэ мэт хуулийн олонхи нь өөрийн гэсэн аргагүй зөвтгөх шалтгаантай байдаг. Тухайлбал, Техаст зочид буудлын хоёрдугаар давхарын цонхоор одос үхэр буудахыг хориглосон хууль байдаг нь инээдтэй санагдах нь аргагүй ч 200 жилийн өмнө бол энэ хууль үнэхээр л чухал байсан байдаг. Америкийн зарим мужид бүтэн сайнд үнсэлцэхийг хориглодог. Тэгвэл тухайн үед хүмүүсийн шүтлэг бишрэл гүн гүнзгий, бүтэн сайнд заавал сүмд очдог байсан бөгөөд бурханд мөргөдөг өдрөө үнсэлцээд байх нь нь зохимжгүй гэж үзсэнээс л ийм хууль гарсан байна. Хамгийн наад зах нь л гэхэд иүдэй болон лал шашинтнууд гахайн мах иддэггүйг бид мэднэ. Тэгвэл тэр халуун газар мах муудахдаа амархан, харин мал малын махнаас хамгийн түрүүнд мууддаг нь гахайнх ажээ. Чухам ийм л учраас мянгаад жилийн өмнө ийм хорио гарсан байна. Бидний балай гэж нэрлээд байгаа дээрхи хуулиудыг өнөө хүртэл цуцалдаггүй нь зарим хүний аминд орох тохиолдол ч байдаг. Францад рестораны эзэн эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд очжээ. Арвын арван тогооч нь түүнд дарамтлуулснаа мэдүүлсэн байна. Гэвч явж явж шүүх уг эмэгтэйг зөвтгөсөн шийд гаргажээ. Юу гэвэл түүний өмгөөлөгч архив ухаж байж нэг хууль гаргаж ирсэн гэнэ. Энэ хуулиар бол дундад зуунд газрын эзэн, одоогийнхоор бол ажил олгогч этгээд газар дээрээ ажиллаж байгаа хүнийг дураараа эдлэх эрхтэй байжээ. Өнөөг хүртэл цуцлаагүй байсан, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөрт тооцогдох энэ хууль сайхь эмэгтэйг ийнхүү аварсан байна. Зарим “балай” хуулийг уг гарсан шалтгаанаар нь хөөж учир начрыг тайлбарлавал: -Лос Анжелест мэлхий долоохыг хориглосон хууль бий. Тэгвэл тэнд байдаг нэгэн зүйл мэлхий биеийнхээ гадуур мансууруулах нөлөө бүхий шингэнээр бүрхэгдсэн байдаг бөгөөд үүнийг нь мэдсэн өсвөр насныхан долоож мансуураад салахаа байжээ. Хууль сахиулагчид тэднийг мансуурсан хэмээн буруутгах гэвч хар тамхи татаагүй болохоор аргагүйдэж, эцэст нь ийм хууль гаргаж байж дарж авсан гэнэ. -Мичиганд олон нийтийн газар наймаалжаар шидэлцэж болохгүй гэдэг. Энэ хууль 1952 онд гарчээ. Стэнлийн цомын тэмцээнд 8 ялсан баг аварга болдог байв. Detroit Red Wings багийн нэг шүтэн бишрэгч багаа аварга болоосой хэмээн бэлгэдэж найман хөлтэй энэ амьтныг талбайн мөсөн дээр шидсэн бөгөөд уг баг үнэхээр аварга болжээ. Үүнээс хойш хоккейн фанатууд талбайд наймаалж шиддэг “өвчтэй” болсон байна. Хууль гаргаж байж л энэ төвөгтэй заншлыг халсан гэнэ. -Өмнөд Калифорнид гэртээ хирс байлгахыг хориглосон хууль байдаг аж. Яагаад ийм хууль гарах болсон бэ гэхээр эндэхийн иргэд гүрвэл, матар гэх мэт хачин сонин амьтан тэжээх хоббитой бөгөөд нэг хүн зулзаган хирс гэртээ байлгаж байж алдаад тэр нь хавийн айлын зүлэг ногоог гишгэчихсэн аж. Ингээд л мужийн эрх баригчид гэртээ хирс тэжээхийг хоригложээ. -Лондонд 21.00 цагаас хойш эхнэрээ зодохыг хуулиар хоригложээ. Хууль анх гарсан 1422 оны тэр цаг үед эхнэрээ зодох нь энгийн явдал байсан бөгөөд орилж хашхирч хөршүүдээ унтуулахгүй байх нь хэрээс хэтэрсэн тул ийм хууль гаргасан гэдэг.

No comments:

Post a Comment